Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2019.10.23) хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэсний нэг нь “Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” байлаа.
Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав. Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг Монгол Улсын Их Хурал 2002-2003 онд тус тус батлан мөрдүүлж байсан бөгөөд 2015 онд Алтанбулаг, “Замын-Үүд”, Цагааннуурын чөлөөт бүсийн тухай хуулиудыг хүчингүй болгож, Чөлөөт бүсийн тухай 2002 оны хуулийг шинэчлэн найруулж Чөлөөт бүсийн тухай нэг хууль батлан өнөөг хүртэл мөрдүүлж ирсэн.
Энэхүү шинэчилсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад “”Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ””, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна.” гэж тус тус заасан. Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 61 дүгээр захирамжийг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гарын үсэг зурж байгуулсан.
Энэхүү хэлэлцээрийн төслийг боловсруулах, Хятадын талтай хэлэлцээ хийх явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Хил дамнасан чөлөөт бүс гэсэн томьёоллыг өөрчлөх чиглэл өгсний дагуу Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.
Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ /1994 он/”, “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал /2014 он/, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тус тус нийцэж байгаа болно.
Чөлөөт бүсийн тухай /2015 онд батлагдсан/ хуульд тусгагдсан “Хил дамнасан чөлөөт бүс” гэсэн томьёолол нь Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэх, нийгэмд сөргөөр ойлгогдох магадлалтай тул Монгол, Хятадын Замын- Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд харилцан тохиролцсон “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэсэн томьёоллоор Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар асуулт асууж, Шадар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.3 хувь нь Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Source: www.parliament.mn
I have been surfing online more than 3 hours today, yet I never
found any interesting article like yours. It is pretty worth enough for
me. In my opinion, if all web owners and bloggers made good
content as you did, the web will be a lot more useful than ever before.