Шадар сайд Ө.Энхтүвшин “Замын-Үүд чөлөөт бүсэд 58.8 сая ам.долларын хөрөнгө орсон байна. “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн эхний шат хэрэгжсэн. Энэ бүсийг яаралтай эргэлтэд оруулахгүй дахиад нэг жил өнгөрөхөд Замын-Үүд чөлөөт бүсийг олон нийт сураглахаа ч больж мэднэ. Усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиолол, дулаан болон цахилгаан хангамжийн 4 багц ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. Одоо чөлөөт бүсээ нээж ажлаа эхэлье”. “Алтанбулаг чөлөөт бүсийн туршлагаас харахад, чөлөөт бүсэд Гаалийн тухай, Чөлөөт бүсийн тухай хуулиуд зөрчилддөг, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байгаа нь ажиглагдсан. Тиймээс Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, БХБЯ, ГХЯ зэрэг чөлөөт бүсийн ажил хэрэгт оролцоотой бусад байгууллагын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, хууль журмын зохицуулалтыг нэг мөр болгоно. Чөлөөт бүс Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон олон улсын тээврийн AН3 автозамыг ашиглах ёстой” гэж Шадар сайд хэллээ.
Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхлэхэд 2 обьектыг ашиглалтад бүрэн өгөхөд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт дутсан, мөн станцуудын үйл ажиллагааны зардалд төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэдгийг нотлох тооцоог захирагч И.Батнасан өгүүлсэн.