“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Т.Есөнтөмөр 2026 оны 04 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд “Замын-Үүд” чөлөөт бүс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын чөлөөт бүсэд ажиллалаа.
Энэ үеэр чөлөөт бүсэд хийгдсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил байдалтай танилцан, бүс дээр тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээний талаарх саналыг авч, албан хаагчидтай уулзаж холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Үүний дараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын чөлөөт бүсийн Захиргаатай албан уулзалт хийж, Эрээн хотын чөлөөт бүстэй танилцан “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хил холболтын ажлыг түргэтгэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар харилцан санал солилцов.
Уулзалтын үеэр Захирагч Т.Есөнтөмөр: “Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, үйлдвэрлэл, агуулах, тээвэр логистикийн чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдэд учирч болох хүндрэлүүдийг шийдэх, гааль, тээврийн зохицуулалтын уялдааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах” хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хятадын талаас Захирагч Т.Есөнтөмөрийг ажилдаа шуурхай орж, газар дээр нь ирж ажиллан нөхцөл байдалтай танилцаж буйд талархал илэрхийлэн цаашид хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх чиглэлээр арга хэмжээнүүдийг менежментийн зөвлөлийн түвшинд шат дараатай зохион байгуулж, нягт хамтран ажиллахаа онцоллоо.


“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА











