Шадар сайдын томилолтын хоёр дахь өдөр буюу өчигдөр (2017.12.19) ӨМӨЗО-ны Эрээн хотын намын хорооны дарга Тянь Юн, Эрээн хотын дарга Лю Жыпин тэргүүтэй тус хотын удирдлага Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, Эрээн хот дахь Чөлөөт бүсийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Эрээн хотын удирдлага Шадар сайд Ө.Энхтүвшинд дараах гурван саналыг тавив. Энэ нь:
- Хоё талын хилийн хамтын ажиллагааг урагшлуулах зорилгоор хоёр улсын өндөр түвшний IV Зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд сэргээн зохион байгуулах
- Засгийн газар хоорондын хэлэлцээрийг урагшлуулах
- Монгол Улс Замын-Үүдийн чөлөөт бүсэд барих бодлогоо тодорхой болгох зэрэг болно.
Тэд хэлэхдээ, хилийн хамтын ажиллагааны бүсийн албан ёсны хэлэлцээрт эцэслэн гарын үсэг зураагүйн улмаас Хятадын хөрөнгө оруулагчид Монголын талын Замын-Үүдийн чөлөөт бүсдээ барих бодлого нь тодорхойгүй хэмээн үзэж итгэл алдрах байдал ажиглагдаж байна. Тиймээс бодлого тодорхой болвол Эрээн хотын зүгээс Монголын чөлөөт бүсийг Эрээн хотын чөлөөт бүстэй ижил түвшинд хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хийх ажлыг хамтран зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Шадар сайд Ө.Энхтүвшин Эрээн хотын удирдлагад Замын-Үүд суманд хүрэлцэн ирж, Эрээн хот дахь Хятад, Монголын хилийн хамтын ажиллагааны бүсийн талаар танилцуулсанд талархал илэрхийллээ. Тэрээр уулзалтын төгсгөлд “Хил дамнасан хамтын ажиллагааны бүсийн талаарх бодлогоо тодорхой болгоё, төр засгийн түвшний IV уулзалтыг зохион байгуулах танай саналыг дэмжиж байна. Ингэхдээ Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээний хил дамнасан чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулъя, зөрчилдөөнтэй байгаа хууль эрх зүйн орчноо эргэн харъя” гэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.