Солонгос улсын Инчоны чөлөөт бүсийн төлөөллүүдтэй цахим уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны удирдлагууд Солонгос улсын  Инчоны чөлөөт бүсийн төлөөллүүдтэй /2021.06.28/ цахим уулзалт хийлээ.

Уулзалтад “Замын-Үүд” чөлөөт бүсийн ЗАА-ны дарга Б.Сэргэлэн, Дэд дарга Б.Одбаяр, ГХХАМТХ-ийн дарга С.Батболд болон холбогдох албаны төлөөллүүд, Инчеоны Эдийн засгийн чөлөөт бүсийн талаас Хөрөнгө оруулалтыг дэмжих газрын ерөнхий захирал Ноён Ким Таэгвон, Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн захирал Ноён  Жеонг  Кёнгвон, Ухаалаг хот  хэлтсийн  Чэ  Ханшиг, Гадаад харилцааны ажилтан  Ким Сонгван нар оролцов.

Цахим уулзалтын үеэр “Замын-Үүд” чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчин, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр болон бүсийн үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх  дэлгэрэнгүй мэдээллийг  Дэд дарга Б.Одбаяр өгсөн бол Инчоны Эдийн засгийн чөлөөт бүсийн танилцуулгыг Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн захирал Ноён Жеонг Кёнгвон  хийлээ.

Уулзалтын төгсгөлд “Замын-Үүд” чөлөөт бүсийн зүгээс Солонгос улсын Инчоны чөлөөт бүсийн гадаад хөрөнгө оруулалтыг татсан туршлага, чөлөөт бүсэд үйлдвэрлэл үйлчилгээг зэрэгцүүлэн хөгжүүлж чадсан технологи, ноу хау, “Ухаалаг хот”-ын шийдэл, технологи дамжуулах талаар туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлж цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Солонгос улс нь анх чөлөөт бүс байгуулахдаа “бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг орон нутаг руу татах”  гол зорилготойгоор эхэлсэн байдаг. 2003 онд Инчоны чөлөөт бүсийг хөдөлгөөн ихтэй онгоцны буудал болон далайн боомтыг түшиглэн нээж байсан бол түүнээс хойш 6 эдийн засгийн чөлөөт бүсийг орон нутгийн онцлог бүрт нь тохируулан  амжилттай хөгжүүлсэн байна. 2018 оны байдлаар уг чөлөөт бүсүүд дээр 5250 компани үйл ажиллагаа явуулж,  178  тэрбум долларын шууд хөрөнгө оруулалтыг эх орондоо татсанаас Инчоны чөлөөт бүс дангаараа 13 тэрбум  долларын хөрөнгө оруулалтыг татсан байна.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА