Монгол Улсын Засгийн газраас 20 гаруй жил гацаанд байсан “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын болгох түүхэн шийдвэрийг /2021.07.28/ гаргаж баталлаа. Мөн тус шийдвэртэй холбогдуулан чөлөөт бүсийг дэд бүтцээр бүрэн хангах ажлыг эрчимжүүлэхээр холбогдох яамдын сайд нараас бүрдсэн ажлын хэсгийг байгуулан газар дээр нь очиж ажиллан, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
Шийдвэрийн дагуу “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах чөлөөт бүсийн нутаг дэвсгэр дээр 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулах арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг хангаж байна.
Бэлтгэл ажлын хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэх Хил, Гааль, Мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн харьяатын алба зэрэг бүхий л холбогдох мэргэжлийн албадын үйл ажиллагааг явуулах, зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх байнгын ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна. “Замын-Үүд” чөлөөт бүсээр зорчигч ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр Замын-Үүд сумын боомт дээр үүсээд байгаа ачаа тээврийн бөөгнөрлийг бууруулж, тээврийн урсгалыг нэмэгдүүлж, нэвтрэх чадварыг сайжруулах юм.
Одоогийн байдлаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3,4 дүгээр хэсэгт цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, автозам, холбоо дохиолол, дулааны станцийн барилга байгууламжуудыг барьж байгуулсан бөгөөд эдгээр станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг тэр чигт нь хангах бүрэн боломжтой юм.
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны зүгээс 2021 онд дээрх дэд бүтцийн станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлэх, тогтвортой менежментийн үйл ажиллагааг дэмжих, чөлөөт бүсэд боомтын нэвтрэх системийг байгуулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хийхээр Азийн хөгжлийн банктай хамтран “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.
“Замын-Үүд” чөлөөт бүс үйл ажиллагаагаа байнгын болгосноор 2500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох бөгөөд “Made in Mongolia” гэсэн шошготой бараа бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гарах бүрэн боломж нээгдэнэ. Түүнчлэн дотоодын нийт бүтээгдэхүүн 1.6-2.3 хувь болох ба 2022-2036 онд 10 хувиар өснө. Үүнийгээ дагаад 2025 он гэхэд шууд ажлын байр 9400, 2030 онд 15000, 2034 он гэхэд экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэж, дотоод, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2,9 тэрбум ам.долларт хүрч 18000 ажлын байр шинээр бий болох төдийгүй бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлж, сумын олон мянган иргэдийг ажлын байраар ханган Монгол улсын эдийн засагт түүчээ болохоороо онцлогтой.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА