Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий Консул С.Батхуягтай хийсэн цахим уулзалтад оролцлоо

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны төлөөлөл Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотод суугаа Ерөнхий Консул С.Батхуягтай /2022.02.23/  цахим уулзалт хийсэн.

Тус уулзалтад “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул оролцсон бөгөөд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор засгийн газрын бодлого шийдвэртэй үйл ажиллагаагаа уялдуулан  бүс нутгийн цөлжилтийг бууруулах зорилгоор эхний ээлжинд чөлөөт бүсийн нутаг дэвсгэрийг ойжуулах, ногоон байгууламж байгуулах, цэцэрлэгт хүрээлэн бүхий эко ногоон бүсийг бий болгохоор олон ажлуудыг зохион байгуулж байгаа талаараа дурдаад чөлөөт бүсийнхээ талаар товч мэдээлэл өгч, цаашид хэрхэн хамтран ажиллах” талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр Ерөнхий консул С.Батхуяг “БНХАУ-ын цөл газрыг ойжуулсан сайн туршлагаас танилцуулсан бөгөөд мод тарих, ойжуулах үйл явцыг бүс нутгийн онцлогт тохируулан бүхий л шатанд нь эдийн засагтай уях нь олон талын солонгорсон ач холбогдолтой мөн мод тариад, тухайн газар нутаг, талбайг эзэнжүүлэх нь үр ашигтай байдаг” талаар онцоллоо.

Түүнчлэн цөлжиж буй газар нутгийг ойжуулахад олон нийтийн оролцоо, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын байр суурь чухал гэдгийг Ерөнхий консул дурдаад, БНХАУ-ын тэргүүн туршлагаас хуваалцах боломжоор бүрэн дүүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА