“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Замын-Үүд” чөлөөт бүсийн нэгдүгээр үе шатны дэд бүтэц, гүний гарцын шалган нэвтрүүлэх нэг цэгийн үйлчилгээний цогцолбор барилга байгууламжийн нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах ажлын гарааны уулзалт өнөөдөр /2022.04.06/ боллоо.
Тус уулзалтад “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, Төсөл хэрэгжүүлэгч нэгж болон холбогдох яам, агентлагуудын албаны төлөөллүүд оролцов.
Уулзалтаар “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, нэгдүгээр үе шатны буюу Инженерийн дэд бүтцийн шугам сүлжээг барьж байгуулах ажлын хүрээнд дэд бүтэц, гүний гарцын шалган нэвтрүүлэх цогцолбор барилгын нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах зөвлөх компанийн болон оролцож буй байгууллагууд, цаашид ажиллах баг бүрэлдэхүүнийг танилцуулж, жендерийн мэдрэмжтэй үйл ажиллагаа хэрхэн эрхлэх талаар мэдээлэл зөвлөмж өгч, хэрэгжиж буй ажлуудын товч танилцуулгыг хийв.
Мөн инженерийн зураг төсөл боловсруулах зөвлөх компанийн зүгээс инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлын нарийвчилсан хуваарийг зөвшилцөх, төслийн оролцогч байгууллагууд болох Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай ажлын хэсэг байгуулах тухай, төслийн ажлыг эрчимжүүлэх талаар харилцан санал солилцлоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА