“Замын-Үүд” чөлөөт бүсийн удирдлагууд өнөөдөр /2022.04.11/ Монголын Логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболдтой албан уулзалт хийлээ.
Тус уулзалтаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн зүгээс үйлдвэрлэл, аялал жуучлал, худалдаа үйлчилгээ, тээвэр логистик гэсэн дөрвөн чиглэлийг хөгжүүлэхээр зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа талаар дурдаад чөлөөт бүс дээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр мөн цаашид бүс дээр салаа төмөр зам болон хүнд даацын тусгай зориулалтын авто зам барих, жолоочгүй тээврийн системийг бий болгох зэрэг ажлуудыг төлөвлөж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулж, логистикийн чиглэлийг хөгжүүлэх, чөлөөт бүсэд тээвэр логистикийн бодлогын хэрэгжилтийг хэрхэн оновчтой нэвтрүүлж, илүү үр дүнд хүргэх талаар харилцан санал дэвшүүлж, мэдээлэл солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Монголын Логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд “Замын-Үүд” чөлөөт бүс нь газар нутгийн хувьд хамгийн зөв байршил дээр байдаг бөгөөд давуу талууд ихтэй. БНХАУ-ын аж үйлдвэрийн парк, чөлөөт бүсүүд ихэвчлэн логистикийн бүсээсээ орлого олдог. Хэрвээ чөлөөт бүс логистикийн чиглэлээ бүрэн хөгжүүлж чадвал улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөлөл их. Тиймээс цаашид “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албатай логистикийн бүсийг хөгжүүлэх чиглэлээр бүхий л талаар хамтран ажиллах боломжтой” хэмээн онцоллоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА