БНСУ-ын элчин сайдын яамны төлөөллүүдтэй хөрөнгө оруулалт татах, туршлага судлах талаар уулзалт хийв

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун , Элчин сайдын яам, консул Пак Сүн, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Пак Ин Жүн тэргүүтэй төлөөллүүд өнөөдөр /2022.05.26/ “Замын-Үүд” чөлөөт бүстэй танилцаж, албан уулзалт хийлээ.

Энэ үеэр “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул чөлөөт бүсийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, дэд бүтэц, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн тэрээр БНСУ бол чөлөөт бүсийг бий болгож хөгжүүлж чадсан тэргүүлэгч улсуудын нэг тиймээс “Замын-Үүд” чөлөөт бүс дээр БНСУ-ын чөлөөт бүсүүдийн сайн туршлагыг нэвтрүүлэх, туршлага солилцох, гадаадын хөрөнгө оруулалт татсан туршлага, чөлөөт бүсүүд дээрээ үйлдвэрлэл үйлчилгээг зэрэгцүүлэн хөгжүүлж чадсан технологи, ноу хау, түүнчлэн дижитал шийдэл, инновацийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллаж, туршлага судлах хүсэлтэй байгаа талаараа дурдлаа.

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун “Монгол Улсад чөлөөт бүс бий болж байгаа нь олон давуу талтай. Тухайлбал манай улсад аль нэг муж, бүсэд газрын байршлаа тодорхой болгоод эдийн засгийн чөлөөт бүсийг орон нутгийн онцлог бүрт нь тохируулан хөгжүүлсэн. Мөн хүний бөөгнөрөл буюу урсгалыг тийш нь татах, тус бүс нутгийн хөгжлийг түргэсгэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг орон нутаг руу татах зорилгоор байгуулж амжилттай үйл ажиллагааг нь явуулж байна. Танай “Замын-Үүд” чөлөөт бүс дээр тухайн бүс нутгийн хөгжлийг хурдасгах, эдийн засагтаа бодит хувь нэмэр оруулах боломж байгааг харж байна. Тиймээс Элчин сайдын яамны зүгээс цаашид хамтран ажиллаж, харилцаа холбоогоо гүнзгийрүүлэн, туршлага судлах талаар холбогдох байгууллагуудад уламжлан, хэрэгжүүлэх болно” хэмээн онцоллоо.