“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т тусгагдсаны дагуу “Замын-Yүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын ӨМӨ3О-ны Хөх хотод зохион байгуулсан.
Анхдугаар хуралдааны протоколын дагуу Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн хоёрдугаар хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Монгол Улсад зохион байгууллаа.
Тус хуралдаанд Монгол талаас Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн дарга Б.Батбямба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны талаас ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга Гуо Жоуминь тэргүүтэй хоёр талын яам агентлагийн нийт 20 гаруй удирдах албан тушаалтнууд оролцов.
Хуралдаанаар талууд чөлөөт бүсийн өнөөгийн байдал, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, анхдугаар хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудлуудын хэрэгжилтийн талаар танилцуулга хийж, харилцан мэдээлэл солилцлоо. Мөн “Хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г баталгаажуулах тус тусын дотоодын процедурыг хангаж дууссаныг онцлон тэмдэглэв.
Хуралдааны төгсгөлд талууд дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр протоколд гарын үсэг зурж баталгаажуулав.
Үүнд:
- Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хуралдааны протоколд тусгагдсан ажлуудын хэрэгжилт,
- Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын ажлын явц,
- Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хоёр талын бүсийн үйлдвэрийг харилцан уялдуулан хөгжүүлэх тухай асуудлууд дээр хэлэлцэн тохирч, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн гуравдугаар хуралдааныг 2026 онд БНХАУ-д зохион байгуулахаар тогтлоо.



“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА











