Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн гол гарцын хил холболтын цэг болон үндэслэл цэгийг тогтоон тохирох Монгол, Хятад хоёр талын хэмжилт зураглалын техникийн баг 2026 оны 04 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд улсын хилийн 813 дугаар тэмдэгтийн орчимд геодезийн хэмжилт хийж ажиллалаа.
Ажиллах хугацаандаа хоёр тал хил дамнасан холболтын гол гарцын бүтээн байгуулалтын төлөвлөгөө болон менежментийн зөвлөлийн хамтарсан хэмжилт, зураглалын дагуу өөр өөрийн талд байрлах геодезийн үндэслэл цэгүүдийг газарт бэхэлж, хоёр талын хэмжилтийн баг боловсруулаагүй өгөгдлийг газар дээр нь харилцан солилцлоо. Мөн хоёр тал “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн “Хил дамнасан холболтын гол гарцын бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-ний цэгүүдийг дахин нягталж, протокол үйлдэн албажуулав.
Талууд ажлын төгсгөлд үндэслэл цэгийн хэмжилтийн өгөгдлийг тус тусдаа боловсруулж, үр дүнг Хамтарсан менежментийн зөвлөлийн түвшинд харилцан солилцохоор тохиролцов.
Тус Монгол, Хятадын хамтарсан хэмжилт зураглалын техникийн баг газар дээр нь цэгүүдийг баталгаажуулснаар “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлуудыг идэвхжүүлэх, хил дамнасан байгууламжуудын бүтээн байгуулалтыг түргэтгэхэд үр дүнтэй чухал алхам боллоо.


“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА











