АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БҮС ХӨГЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ, АЖЛЫН ЯВЦЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

“Замын-Үүд” чөлөөт бүс дээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гүйцэтгэлийн хяналтын явцтай танилцах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх, харилцан санал солилцох зорилгоор төслийн захиалагч, зохиогч  болон гүйцэтгэгч талуудын уулзалтыг “Замын-Үүд” чөлөөт бүсийн хурлын танхимд /2026.08.20/ зохион байгууллаа.

Тус хуралд Захирагч бөгөөд төслийн захирал Т.Есөнтөмөр болон Захирагчийн ажлын албаны дарга Ш.Амартүвшин, Төслийн нэгжийн удирдлага, инженер, зураг зохиогч “Сонголт дизайн” ХХК, захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэгч “Барилгын хөгжлийн төв”-ийн инженерүүд,  дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний гүйцэтгэгч компаниудын төлөөллүүд оролцов.

Талууд хурлаар гүйцэтгэгч компаниудын ажлын явц, гүйцэтгэл, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний трасс, өндөржилт болон зарим гүйцэтгэгч компанийн ажил дуусаж буйтай холбогдуулан Улсын комисс ажиллуулах талаар тус тус хэлэлцлээ.

Хурлын төгсгөлд төслийн ажлыг цаашид улам эрчимжүүлж, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулан, үүссэн асуудлуудыг шуурхай шийдвэрлэн ажиллахаар тогтов.  

Тус төсөл нь 2028 онд хэрэгжиж дуусах бөгөөд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, бүс  нутгийн болон олон улсын эдийн засгийн сүлжээнд холбох гарцыг нээх, хөдөлмөр эрхлэлт болон эдийн засгийн боломжийг бүрдүүлэх үйл явцыг хурдасгах чухал ач холбогдолтой юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА