БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хятад, Монгол, Орос улсын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн тухай дугуй ширээний уулзалт боллоо.
Уулзалтаар талууд “гурван орны хил залгаа орон нутгуудын дэд бүсийн хамтын ажиллагааг эрчимжүүлж байгаа нь Хятадын “Торгоны зам” эдийн засгийн бүс, Монголын “Талын зам” санаачилга, Оросын “Евро-Азийн эдийн засгийн холбоог байгуулах” томоохон зорилтуудыг холбох чухал арга хэмжээ болсон, дэд бүтэц, үйлдвэрлэлийн интеграцчилал, худалдааны тасралтгүй хөгжлийг хангахад, дэд бүтцийн уялдаа холбоо, гурван улсын бодлого, үйлдвэрлэл, зах зээлийн давуу талыг нээн илрүүлэхэд нэн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсоныг” онцлон тэмдэглэлээ.
Цаашид талууд хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухай Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яамны баталсан нэгдсэн ерөнхий төлөвлөгөөний шаардлагыг чандлан мөрдөж, “Боомтыг нээлттэй болгон, гаалийн бүсийн хяналт, удирдлагыг эрчимжүүлэх” загварын дагуу Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хоёр бүс хоорондын хилийн зааг шугамын хяналт, удирдлагын механизмын зохицуулалтын ажлыг эхлүүлж, хоёр бүсийг холбох, хилийн зааг шугамд хилийн хамгаалалт, хяналт шалгалт, хорио цээр, гааль зэргийн нэгдсэн хяналт удирдлагын менежментийг тогтох ажлыг эхлүүлэхийг санал нэгтэй зөвшөөрөв.
Түүнчлэн Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээний хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэж, улам боловсронгуй болгохыг хоёр тал санал нэгтэй зөвшөөрч Хятадын тал өөрийн талын зам харилцаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, Монголын талын бүтээн байгуулалттай зэрэгцэн хийж гүйцэтгэх, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хил, гаалийн аюулгүй байдал, хорио цээр зэрэг хилийн зохицуулалтын тухай бодлого, арга хэмжээ , гадаад дотоодын чөлөөт бүсийн менежментийн арга хэлбэрийг судалсаны үндсэн дээр хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн дүрэм, журмыг тогтоож, менежментийн арга хэлбэрийг боловсронгуй болгоход хамтран ажиллахаар боллоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА