Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанд хэрэгжиж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас /АХБ/ “Мэдлэг хуваалцах цахим сургалт”-ыг цувралаар зохион байгуулж байна. Өнөөдөр /2021.03.24/ Эдийн засгийн тусгай бүс /ЭЗТБ/-үүд, эдийн засгийн хөгжлийг хэрхэн хурдасгадаг вэ? гэсэн сэдвийн доор хийгдэж төр болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй төлөөлөл хамрагдсан бөгөөд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаныхан оролцож мэдээлэл авлаа.
Энэ удаагийн цахим сургалтаар Азийн хөгжлийн банкны Эдийн засаг, судалгааны газрын Бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн хэлтсийн тэргүүлэх эдийн засагч Жонг Вүү Канг “Ази , Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн бүсүүдийн өсөлт, хувьсгал, тэдгээрийн загвар, шинэ хандлага” гэсэн агуулгын доор илтгэл тавьж, тодорхой мэдээллийг өгөв. Тэрээр “Эдийн засгийн тусгай бүсийг байгуулах асуудал бол маш чухал асуудал юм. Үүнд засаглалын хэлбэр маш чухал. Мөн тусгай бүсүүдэд боловсон хүчин дутмаг байдаг. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн тусгай бүсүүд тусгаарлагдсан арал шиг байж болохгүй, жигд хөгжүүлэх хэрэгтэй юм. Цаашид Эдийн засгийн тусгай бүсүүдийг дан ганц аж үйлдвэрийн салбар биш инженер, техник технологи, санхүүгийн салбаруудыг бий болгон, түлхүү хөгжүүлэх шаардлагатай байгаа” хэмээн онцолсон юм.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА