Дулааны станцын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгууллаа

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал Замын-Үүд суманд ажиллалаа. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ Замын-Үүд хилийн боомтын барилга угсралтын явц, боомтын үйл ажиллагаа болон чөлөөт бүсийн дулааны станцын ажлын явцтай биечлэн танилцаж засварын ажлын зардлыг яаралтай шийдэх, усан хангамж, ариутгах татуурга, дулааны станцын ашиглалтын зардлыг тооцон улсын төсөвт суулгах үүрэг чиглэлийг өгсөн юм. Уг чиглэлийн дагуу аймгийн Засаг дарга О.Батжаргал, Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр нар өнөөдөр мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй хуралдаж өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангахын тулд Дулааны станцын туршилт тохируулгыг хийх ажлын хэсэг байгуулан ажлыг эрчимжүүлэх тодорхой үүрэг чиглэл өгөв. Хуралд Замын-Үүд сумын ЗДТГ, ИТХ, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Орон нутгийн өмч, “Чандмань-Илч” ОНӨХХК, “Чандмань бадрал” ОНӨХХК зэрэг байгууллагын төлөөллүүд оролцлоо. Тус дулааны станц ашиглалтад орсноор “Замын-Үүд” чөлөөт бүсийг дулаан, цахилгаан, цэвэр усаар хангаад зогсохгүй Замын-Үүд сумыг бүрэн хангах хүчин чадалтай юм.