“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас санаачлан хэрэгжүүлсэн “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийгдсэн 90 мВ хүчин чадалтай дулааны станцийг ашиглалтад оруулах үүрэг, чиглэлийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хавар Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ өгч, холбогдох санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан. Уг үүрэг чиглэлийн дагуу ажлын хэсэг байгуулагдан Эрчим хүчний яамнаас дулааны станцын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажилласан бөгөөд Амгалан дулааны станц ТӨХК, Дулааны гуравдугаар цахилгаан станцийн инженер техникийн ажилтанууд /ИТА/, тус дулааны станцын ажилчидтай хамт тохируулга, зүгшрүүлэг хийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж, станцыг ажиллагаанд залган хамтран ажиллалаа. Ийнхүү сумын зургаан байршилд байрлах 16 жижиг халаалтын зуухыг зогсоон Замын-Үүд сумын хэрэглэгчдийг нэгдсэн эх үүсвэрээс дулааны эрчим хүчээр 100 хувь хангаж эхлээд байна.
Тус дулааны станц нь 29 мВт-ийн 3 ширхэг зуухтай бөгөөд зуух нэг бүр утааг бүрэн шүүдэг уутат пилтертэй, агаарт ямар нэгэн тоосонцор, хорт бодис үүсгэдэггүй гэдгээрээ онцлогтой. Энэ нь утааны хий болон үнс тоосонцортой хамт агаар орчинд хаягдаж буй бохирдлыг хэмжээг бууруулах өндөр ач холбогдолтой юм.
Цаашид станц дээр хяналт, хэмжилт, тохируулгын ажлууд хийгдсээр байх бөгөөд автомат тохируулга хийх, нэмж хоёр банк, нэг худалдааны төв, нэг хотхон болон “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд баригдаж байгаа Замын-Үүд боомтын төв цогцолборыг дулааны станцтай тус тус холбох ажлууд хийгдэх ба нийт 740-800 мянган м.куб эзлэхүүн халаахаар төлөвлөсөн байна.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА