“Замын-Үүд” чөлөөт бүсийн 90 га талбайд инженер-геологийн судалгаа хийгдэж байна

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл” хэрэгжиж байгаа юм. Тэгвэл уг төслийн хүрээнд чөлөөт бүс дээр  инженер-геологийн судалгаа, хөрсний бохирдлын нарийвчилсан шинжилгээ болон хөрсний бохирдлыг арилгах, бууруулах, өлгөмөл ус зайлуулах ажлыг хийж  гүйцэтгэхээр “Минторес” ХХК  шалгарсан бөгөөд хуваарийн дагуу ажлаа эхлүүлээд байна.

Тус компани “Замын-Үүд” чөлөөт бүс болон Замын-Үүдийн АН-3 зам хооронд хийгдэх авто зам, зогсоолын талбай, төлөвлөсөн гүний гарцын талбай, Замын-Үүд сумын хуучин бохироо хаяж байсан карт болон түүний ойр орчмын талбай, 2008 онд бүсийн 900 га-д  хийгдсэн инженер-геологийн судалгааны дүнд тогтоосон өлгөмөл усны талбай зэрэг нийт 90 га талбайд 120 гаруй цооног өрөмдөж, инженер-геологи, геотехникийн  болон өлгөмөл ус илрүүлэх судалгааг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, дүрэм журам, стандартад бүрэн нийцүүлэн хийж гүйцэтгэх юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА