“Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын чуулганаар эцэслэн баталлаа

Монгол Улсын Их хурлын өнөөдрийн ээлжит чуулганаар /2021.12.17/ “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг эцэслэн батлав.

Тус хуулийн төслийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн бариад байсан бөгөөд  10 дугаар сарын 28-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийн эцэслэн баталлаа.

Монгол Улсын Их Хурлаас улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх өндөр техник, технологийг нутагшуулах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгож, эдийн засгийг либералчлах зорилгоор анх 1995 онд  “Эдийн засгийн чөлөөт бүсийн үзэл баримтлал”, 2002 онд “Чөлөөт бүсийн тухай хууль”, 2003 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг тус тус баталснаар “Замын-Үүд” чөлөөт бүсийг байгуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн билээ. Улмаар УИХ-ын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн чуулганаар “Чөлөөт бүсийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг  баталж  чөлөөт бүсэд мөрдөх нэгдсэн нэг хуультай болсон. Тэгвэл 2021 онд уг хуулийн зарим нэр томьёоны болон зүйл заалт хоорондын зөрчлийг  арилгах үүднээс нэмэлт өөрчлөлт оруулан Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн найруулж, боловсруулсан юм.

Тус хууль батлагдсанаар “хуулийн зүйл, хэсэг, заалт хоорондын хийдэл арилж төр болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа саадгүй, тогтвортой, хэвийн явагдах нөхцөл боломжийг бүрдүүлж, эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөлийг бий болгож”  буйгаараа онцлогтой юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА