“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас өнөөдөр /2022.03.01/ БНХАУ-ын Жөзяны Их сургуулийн Хот төлөвлөлтийн хүрээлэнгээс урьдчилан боловсруулсан төсөл хэлбэрийн “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-ний талаарх танилцуулгыг хийлгэж, нийт албан хаагчдаа хамруулан мэдээлэл авлаа.
Тус танилцуулгыг Жөзяны Их сургуулийн судлаач, эдийн засагч Н.Мөнх-Идэр цахим хэлбэрээр /Zoom/-ээр хийлээ. Танилцуулга Замын-Үүд Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн талаарх 4 үндсэн үзэл санааны хураангуй, Замын-Үүд бол Монголын Дэлхийд гарах Үүд, Тээвэр логистик төмөр зам бол стратегийн асуудал, Үйлдвэрлэлийг тэргүүнд тавих, дотоодын эдийн засагтай хэрхэн уялдуулах, хөрөнгө оруулалтын арга хэлбэр болон БНХАУ-ын Эрээн хотын чөлөөт бүсийн төлөвлөлт гэсэн агуулгын хүрээнд хийгдэв.
Эдийн засагч Н.Мөнх-Идэр танилцуулгын төгсгөлд “БНХАУ нь Эрээн хотыг маш их чухалчилж байгаа. Учир нь Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан бүсүүд чухал стратегийн байршил дээр байна. БНХАУ-ын 14 дүгээр 5 жилийн төлөвлөгөөнд хоёр улсын хамтарсан чөлөөт бүсийн асуудлыг тусгасан. Үүгээрээ Замын-Үүд-Эрээнээр дамжуулж Евро-Азид гарах стратегийн том бодлогыг баримталж, хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Хятадын Худалдааны яамнаас үүрэг, чиглэл ӨМӨЗО-ны талд гарган өгч, бүтээн байгуулалтын ажлууд бүрэн дуусах шатандаа орсон хэмээгээд мөн “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаа урд өмнө байгаагүйгээр урагшилж, эрчимтэй явж байгаа талаар” онцоллоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА