Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны төлөөллүүд өнөөдөр /2022.03.12/ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцлаа.
Энэ үеэр “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул “чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй төсөл, хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж ахуйн нэгжүүд болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, чөлөөт бүсийн бүтээн байгуулалттай биечлэн танилцаж буйд талархал илэрхийлэн цаашид чөлөөт бүс дээр төлөвлөж буй ногоон байгууламжийн ажлуудыг дэмжин ногоон хот ногоон бүс болгоход дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг” хүслээ.
Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ цаашид “Замын-Үүд” чөлөөт бүс дээр “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд говийн бүсэд хэрэгжүүлэх Агропаркыг байгуулах төсөл хөтөлбөр болон аялал жуучлалын бүсийг хөгжүүлэх чиглэлээр бүхий л талын дэмжлэгийг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
“Замын-Үүд” чөлөөт бүс нь бүс нутгийн хөгжлийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах үүднээс 20 га талбайд ногоон байгууламж, агропарк, цэцэрлэгт хүрээлэн бий болгох төсөл хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн чөлөөт бүс дээр хил орчмын аялал жуучлалын бүсийг бий болгон хөгжүүлэхээр зорьж байгаа юм.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА