“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул болон холбогдох албаны төлөөллүүд өнөөдөр /2022.03.29/ чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийлээ.
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул хөрөнгө оруулагч нарт бүсийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, дэд бүтэц, хууль эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн бөгөөд Төслийн зохицуулагч Б.Энхбаатар болон Нийгмийн хөгжил, жендерийн мэргэжилтэн С.Болорцэцэг нар АХБ-наас хэрэгжүүлж буй төслийн явц, нийгмийн хамгаалал, жендерийн бодлогын талаар тус тус танилцуулга хийв.
Энэ үеэр Захирагч А.Энхзул “Томоохон төсөл хөтөлбөрүүдээ царцаахгүй байх тал дээр анхаарч хөрөнгө оруулагч ААН-үүдэд үйл ажиллагаагаа явуулах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хууль эрх зүйн орчноо сайжруулж “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон “Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2021 оны 12 дугаар сард тус тус батлуулсан. Мөн ААН-үүд үйл ажиллагаагаа явуулах анхдагч нөхцөл болох дэд бүтцийн станцууд ашиглалтад орсон, “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл” хэрэгжиж байгаа талаар онцлоод хөрөнгө оруулагч ААН-үүдийг цаашид нягт харилцаатай байж, хамтран ажиллаж бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлэхийг хүссэн юм.
Уулзалтын төгсгөлд хүрэлцэн ирсэн аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцүүлэг хийсэн бөгөөд аж ахуйн нэгжийн төлөөллүүд тулгамдаж буй асуудлуудаа ярьж, цар тахалын үеэр бүтээн байгуулалт хийх боломжгүй байсан талаараа дурдаад гарч буй хүндрэлүүдээ тухай бүрт нь Захирагчийн Ажлын албанд мэдэгдэх, шийдвэрлэх, цаашид хамтран чөлөөт бүс дээр хэрхэн бүтээн байгуулалт өрнүүлэх талаар хэлэлцлээ.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА