“Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлэг боллоо

“Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлэг /2022.05.12/ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо. Хэлэлцүүлгийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт нээж үг хэлсэн бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Чөлөөт бүсүүд, хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүд болон бусад холбогдох албаны төлөөллүүд оролцож байр сууриа илэрхийллээ.

Тус хэлэлцүүлэг “Чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын орчин, удирдлага, санхүүжилтийн загвар”, “Чөлөөт бүсийн дэд бүтцийн өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудал, шийдэл” гэсэн агуулгын хүрээнд өрнөсөн бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбулган “Чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” гэсэн сэдвийн дагуу илтгэл тавьж үйл ажиллагаагаа явуулж буй гурван чөлөөт бүс болон Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн талаарх ойлголт, хийгдэж буй ажлууд, өнөөгийн байдлын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгөв.

Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт “Чөлөөт бүсийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлүүд харилцан адилгүй. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлгийн гол зорилго хамтдаа үүсээд буй эдгээр хүчин зүйлсийг зөв тодорхойлж олон улсын сонгодог загвараар  хэрэгжих чөлөөт бүсүүдийн хөгжлийг түргэтгэх ажлуудыг хувийн хэвшилтэйгээ хамтдаа хийж хэрэгжүүлэх хэрэгтэй талаар ярилцаж шийдэлд хүрэх юм.  Чөлөөт бүсийг хөгжүүлэх нь дан ганц төрийн ажил биш гэдгийг өнгөрсөн хугацаа харуулсан. Мөн “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүдийн хөгжлийн туршлага дээр үндэслэн “Хөшигийн хөндий”  чөлөөт бүсийг зөв төлөвлөлттэй эхлүүлэх боломжтой” хэмээн онцлов. 

Хэлэлцүүлгийн төгсгөлд хөрш орнуудтайгаа хамтдаа чөлөөт бүс байгуулах талаар харилцан ойлголцох, бодлогоо уялдуудан зохицуулж тохиролцох, хөрөнгө оруулагчдын саналыг тусгах, бодлогын тогтвортой байдлыг бий болгох, төр-хувийн хэвшлийн холимог тогтолцоонд шилжүүлэх, хөрөнгө оруулалт, удирдлагын тогтолцооны загварыг хөрөнгө оруулагч талтай хамтран хэлэлцэн шийдвэрлэх зэрэг  асуудлууд тулгарч байгааг дурдаад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцлаа. 

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА