Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн “КАРЕК”-ийн түнш орнуудад тогтвортой эдийн засгийн бүсүүдийг хөгжүүлэх форум арга хэмжээ 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдаж байна.
“КАРЕК”-ийн түнш орнуудын уулзалт 4 жилд нэг удаа болдог бөгөөд 2022 онд Монгол Улсад зохион байгуулагдаж “Чөлөөт бүс”-ийг хөгжүүлэх асуудлуудыг хэлэлцэж буйгаараа онцлогтой юм.
Форумын арга хэмжээг нээж Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн газрын Төрийн удирдлага, санхүүгийн салбар, бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн Захирал Эмма Фан, “КАРЕК”-ийн Хүрээлэнгийн Захирал Сайед Шакил Шах нар үг хэлэв.
Форумд Эдийн засаг, хөгжлийн яам, “КАРЕК”-ийн хөтөлбөрийн түнш орнууд, Азийн хөгжлийн банк, Дэлхийн чөлөөт бүсийн байгууллага болон “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны төлөөллүүд оролцлоо.
Тус арга хэмжээгээр цар тахлын дараах сорилтыг сөрж, боломжуудыг ашиглах шинэ үеийн Эдийн засгийн тусгай бүсүүдийн онцлог, шинэлэг, тогтвортой туршлага, уур амьсгалын хямрал, нийлүүлэлтийн сүлжээний сарнил зэрэг дэлхийн сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө тогтвортой байдал, олон улсын хамтын ажиллагааг дэмжих эдийн засгийн бүсүүдийг ашигласан туршлага, төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг тогтвортой байдлыг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах арга барилын талаар болон бүс нутаг дах хоёр талт хамтын ажиллагааны шилдэг туршлагыг хуваалцлаа.
Эхний өдрийн арга хэмжээнд Тогтвортой хөгжлийн шинэ үеийн эдийн засгийн бүс ба ирээдүйн чөлөөт бүсийг хөгжүүлэх нь, Шинэ үеийн эдийн засгийн бүсүүдийн шилдэг туршлагууд болон бусад улс орнуудад тулгарч буй шинэ сорилтууд гэсэн сэдвүүдийн хүрээнд хуралдаж, танилцуулга хийсэн бөгөөд Чөлөөт бүсийн үйл ажиллагаанд шинээр гарч ирж буй зохицуулалтууд, Инноваци, технологийн бүсүүд, Байгаль орчны тогтвортой байдал, аюулгүй, эрүүл эдийн засгийн бүсийг бий болгох нь гэсэн сэдвүүдийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хоёрдох өдрийн арга хэмжээ “Карек”-ийн орнуудын эдийн засгийн бүсүүдийг хөгжүүлж буй туршлага сэдвийн хүрээнд хуралдсан бөгөөд Агро-аж үйлдвэрийн паркууд ба аж үйлдвэрийн паркууд, Хил дамнасан, бүс нутгийн хамтын ажиллагаа ба логистик, тээврийн талаар мэдээлэл өгч дүгнэлт хийн дараагийн алхмуудын талаар ярилцаж, цаашид олон талт туршлагыг нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллахаар болов.
Үйл ажиллагааны төгсгөлд талууд “Монгол Улсын хувьд шинээр чөлөөт бүс бий болгох бус байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж буй чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, хот суурин газруудын төвлөрлийг бууруулах зорилгоор төлөвлөлт болон газар зохион байгуулалтыг сайн хийх, чөлөөт бүс оршиж буй бүс нутгийн нийгмийн хөгжлийг тооцоолж хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн онцолж байсан юм.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА