Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хоёр талын Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хуралдаан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод /2024.10.16/ зохион байгуулагдлаа.
Тус хуралд Монгол талаас Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн Монгол талын дарга Б.Мөнх-Оргил, БНХАУ-ын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, Хятад талын Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн дарга Ян Жинь тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Хоёр талын Гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хуралдаанаар талууд дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр протоколд гарын үсэг зурлаа.
Үүнд:
- “Хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г 2024 онд багтаан баталгаажуулах
- Хил дамнасан холболтын гол гарцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх
- Хамтын ажиллагааны бүсэд үйл ажиллагаа явуулах хоёр талын хилийн хяналт шалгалтын байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хамтарсан механизмыг бий болгох
- Талууд Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн хурлыг ээлжлэн зохион байгуулах
- 2024 оны 11 дүгээр сард Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-д хөрөнгө оруулалт татах арга хэмжээг Шанхай хотод хамтран зохион байгуулах, цаашид хөрөнгө оруулалт татах үйл ажиллагааг эрчимжүүлэн хамтран ажиллах талаар харилцан ярилцаж, санал нэгдлээ.
Хурлын төгсгөлд талууд цаашид харилцаа холбоогоо улам бэхжүүлэн “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг жишиг бүс болгон хөгжүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлнэ хэмээн онцоллоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА