Монгол-Казахстаны хамтарсан ажил хэргийн зөвлөлийн анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.
Тус хуралдааныг Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжлийн сайд Мадиев Ж.Х. нээж, хоёр талын аж ахуйн нэгжийн төлөөллүүд танилцуулга хийв.
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас Гэрээ эрх, зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Сардана чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, дэд бүтэц, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч ажиллалаа.
Хуралдааны төгсгөлд талуудын хамтын ажиллагааны гэрээ зурах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч М.Амгалан, Олон улсын хилийн бүсийн хамтын ажиллагааны төв “Хоргос” ХК-ийн удирдах зөвлөлийн дэд дарга Кадыр Д.Е. нар “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Тус “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн гол зорилго “харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, хууль тогтоомжийг судлах, таниулах, хоёр талын хөрөнгө оруулалт болон технологи дамжуулалтыг нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцох, чөлөөт бүсийг сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллахад” оршиж байгаа юм.
Дашрамд дурдахад “Замын-Үүд” чөлөөт бүс нь Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”, “Хоргос” ХК нь Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Хоргос” олон улсын хил орчмын хамтын ажиллагааны бүс болж хөгжиж буйгаараа онцлог давуу талтай юм.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА