Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн асуудал, тэр дундаа Чөлөөт бүс, “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг эрчимжүүлэх асуудал чухал байр суурь эзэлж байгаа юм.
Энэ чиглэлээр Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан /2024.12.16/ “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзалт хийж, холбогдох үүрэг чиглэлийг өгч, чөлөөт бүсүүд дээр тулгамдаж буй асуудал, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн явц, дэд бүтцийн ашиглалтын талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Шадар Сайд чөлөөт бүсийн удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
- 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсийн үйл ажиллагааг жигдрүүлэх;
- ”Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсийн Хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, батлуулах ;
- Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжийн судалгааг гаргах, тусгай зөвшөөрөл авсан ч үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах;
- Чөлөөт бүсэд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх;
- Чөлөөт бүсийн үйл ажиллагааг жигдрүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татан ажиллах үүрэг чиглэлийг тус тус өгөв.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА