БНХАУ-ын Эрээн хотын “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн орлогч дарга Ли Хай Лун тэргүүтэй Ажлын албаны төлөөллүүд 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн Монгол тал буюу “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хил холболтын ажлын явц, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хамтран ажиллалаа.
БНХАУ-ын тал чөлөөт бүсэд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийгдсэн “Замын-Үүдийн дулааны станц”, бохир цэвэрлэх, ариутгах татуургын байгууламж, ус цэвэршүүлэх байгууламжийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг дулааны станцын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ж.Ундрахбаяр болон Ерөнхий инженер нар танилцуулж, харилцан санал солилцов.


Мөн БНХАУ-ын албаны төлөөллүүдэд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга М.Амгалан “Замын-Үүд” чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөө, хил холболтыг тохирох ажлын явц, дэд бүтцийн бүтээн байгуулалт, аж ахуй нэгжүүдийн талаарх мэдээллийг танилцуулж, мэдээлэл өгөв.


Хоёр тал цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, харилцан хөрөнгө оруулалт татах арга хэмжээг тогтмол хамтран зохион байгуулах, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдад “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг сурталчлах цахим флатформ бий болгох, ногоон байгууламжийг үе шаттай хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар харилцан санал солилцож, цаашид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахад анхаарч ажиллахаар тохиролцлоо.
Үйл ажиллагааны төгсгөлд БНХАУ-ын тал “энэ удаагийн уулзалт ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд бодит нөхцөл байдалтай биечлэн танилцсан ач холбогдолтой болсон” хэмээн илэрхийлэв.


“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА










