МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСЭД АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албаны төлөөллүүд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсэд 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажиллалаа. 

Энэ үеэр “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч З.Болдбаатар чөлөөт бүсийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”, Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Монгол, Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг  УИХ-аар 2021 онд соёрхон баталсан талаар дурдан, олон улсын туршлага, бүс нутгийн онцлог, давуу талд  нийцүүлсэн стратеги, төлөвлөлт хийхийг онцлов.

Мөн тэрээр чөлөөт бүсийн газрын харилцаа, аж ахуйн нэгжүүдийн худалдаалж буй архи, тамхины гарал үүслийн хяналтыг сайжруулах, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг чөлөөт бүсийн удирдлагад үүрэг болголоо.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА