Монгол Улсын Гадаад харилцааны сайдын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/75 дугаар тушаалаар “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн эрчимжүүлэх чиглэлээр хоёр бүсийг хооронд нь холбох улсын хилийг огтлон гарах цэгийн байршлыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талтай хэлэлцэн тохиролцож, газар дээр нь тогтоох үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийг байгуулсан.
“Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Зам, тээврийн яам, Хилийн боомтын захиргаа, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Дорноговь аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын холбогдох албан тушаалтнууд багтсан бөгөөд тус “Ажлын хэсэг”-ийн хурал 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Гадаад харилцааны яам дээр зохион байгуулагдлаа.
“Ажлын хэсэг”-ийн дарга бөгөөд Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн хэлтсийн дарга Г.Өлзийсайхан хурлын үйл ажиллагааг эхлүүлж, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч З.Болдбаатар гишүүдэд “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг хооронд нь холбох улсын хилийг огтлон гарах цэгийн байршил, хил холболтын ажлын явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.
Хурлын төгсгөлд гишүүд ойлголтын зөрүүтэй байсан зарим асуудлууд дээр харилцан санал солилцож, нэгдсэн нэг ойлголттой болсон бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимаас ирүүлсэн хил дамнасан гол гарцын бүтээн байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын Ажлын албанаас ирүүлсэн санал, зөвлөмжийг зураг төслийн шатанд оруулж, бүрэлдэхүүнд орсон төлөөллүүд салбар чиглэлийн хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллахаар тохирч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойллоо.


“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА











