“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхим, Зянсу мужийн Өвөр Монголын бизнес эрхлэгчдийн холбоо, Эрээн хотын Ардын Засгийн газар, Эрээн хотын чөлөөт бүсийн удирдлагын хороотой хамтран хөрөнгө оруулагч нарт зориулж Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчины талаар танилцуулга арга хэмжээг 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын Сужоу хотноо амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Т.Есөнтөмөр, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга Гуо Жоумин, Эрээн хотын чөлөөт бүсийн орлогч дарга Доу Сяопин болон холбогдох албаны төлөөллүүд, БНХАУ-ын нийт 80 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.
Тус арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүдтэй хөрөнгө оруулалт татах, бизнесийн орчныг сайжруулах, татварын болон гаалийн бодлогын дэмжлэг, эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудал, логистик, үйлдвэрлэлийн уялдаа холбоо, технологийн шинэчлэл, инноваци, экспортын боломжуудыг хэлэлцэн, харилцан санал солилцлоо.
Арга хэмжээний үеэр талууд Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт болон бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр гүйцэтгэх, менежментийн зөвлөлийн түвшинд шийдвэрлэх асуудлаар санал солилцож, зарчмын ойлголцолд хүрч, хоёр бүсийг холбох гол гарцын бүтээн байгуулалтын төлөвлөгөө болон туршилтын журмаар түр гарц нээн ажиллуулах ажлын явцын талаар нэгдсэн ойлголтод хүрч, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэн ажиллаж байх талаар санал нэгдлээ.






“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА











