“Замын-Үүд” чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн Хятадын хөнгөн цагааны “Цин День” компанийн удирдлага /2026.05.15/ чөлөөт бүсийн газар орны байдал, бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцлаа. Захирагч Т.Есөнтөмөр БНХАУ-ын “Цин День” хөнгөн цагааны компанийн ТУЗ-ийн дарга Жан Зюжүнь, захирал Ван Шуйлун, группийн ерөнхийлөгч Ли Хаймин болон холбогдох төлөөллүүдийг хүлээн авч уулзан, “Замын-Үүд” чөлөөт бүсийн өнөөгийн нөхцөл байдал, газар олголт, дэд бүтцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Уулзалтаар Захирагч Т.Есөнтөмөр “Цин День” хөнгөн цагааны компанийн төлөөллүүдэд “хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд шаардагдах инженерийн дэд бүтэц, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай усны хангамжийн асуудал”-ыг судалж үзэхийг хүслээ.
“Цин День” хөнгөн цагааны компани нь 2016 онд байгуулагдсан, 20-30 тэрбум юанийн хөрөнгийн хэмжээтэй “Цэвэр эрчим хүч + Цахиур суурьтай материал” гэсэн хоёр үндсэн чиглэлийг хослуулан хөгжүүлж буй инновацид суурилсан технологийн аж үйлдвэрийн компани бөгөөд сэргээгдэх эрчим хүч, цахиурт үйлдвэрлэл, шинэ салбар буюу “АI” хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой юм.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА











