Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Гадаад харилцааны сайдын 2024 оны А/51 дугаар тушаалаар батлагдсан “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн Монголын талын хурал өнөөдөр /2026.06.05/ Төрийн Ордоны Нутгийн удирдлагын танхимд зохион байгуулагдлаа.
Тус бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлагийн нийт 30 гаруй удирдах албан тушаалтнууд оролцов.

Хурлыг Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил нээж, “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хилийн цэсэд өөрчлөлт оруулж, олон улсын жишгээр хөгжүүлэх, хил холболтын бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх хүртэл хамтын ажиллагааны бүс хооронд туршилтын журмаар түр гарц нээн ажиллуулах, хамтын ажиллагааны бүсийн гол гарцын хил холболтын байгууламжийн бүтээн байгуулалтын монголын талын төлөвлөгөөг эцэслэх, мөн хил холболтын тусгай хоёр шугамын хил холболтын цэгийг тохирох гэсэн асуудлуудыг хэлэлцүүлэв.

Хурлаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Т.Есөнтөмөр гишүүдэд “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн түр гарцын төлөвлөгөө, хамтын ажиллагааны бүсийн хилийн цэсийг өргөжүүлэх болон гол гарцын хил холболтын ажлын явцын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулав.
Гишүүд “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг туршилтын журмаар түр нээх төлөвлөгөөний төсөл, гол гарцын хил холболт, хил заагийн солбицол, хоёр тусгай шугамын хил холболтын цэг тохирох, үндэслэл цэгийг тогтоох асуудлуудаар харилцан мэдээлэл солилцож, нэгдсэн ойлголтод хүрч цаашид авах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцлээ.
Хурлын төгсгөлд Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил хурлаас гарсан шийдвэрийг танилцуулан, гишүүд “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг туршилтын журмаар түр нээх төлөвлөгөөний төслийн хэрэгжилтийг хангах, Монголын талын гол гарцын хил дамнасан байгууламжийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг эцэслэн БНХАУ-ын талд дипломат шугамаар хүргүүлэх, хил холбох үндэслэл цэгийг БНХАУ-тай тохирч албажуулах, хил дамнасан 3 гарцын хоёр тусгай шугам болох “ачаа тээвэр, аялал жуулчлал”-ийн хил холболтын цэгийг тогтоох, үндэслэл цэгийг байгуулах ажлыг эхлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА









