“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ГАЗРЫН ХЭМЖЭЭ, ХИЛИЙН ЗААГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаар хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр чөлөөт бүсийн дэд бүтэц, газар ашиглалт, хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгох зорилгоор “Замын-Үүд” чөлөөт бүсийн газрын хэмжээ, хилийн заагийг шинэчлэн тогтоох асуудлын талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Үүнтэй холбогдуулан “Замын-Үүд” чөлөөт бүсийн газар нутгийн хэмжээ, хилийн заагийг шинэчлэн тогтоох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг даалгасан.

Энэ чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 140 дүгээр тушаалаар байгуулагдсан Шадар Сайдын Ажлын алба, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба болон холбогдох яам, агентлагийн нийт 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг /2026.08.13-15/ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах чөлөөт бүс дээр ажиллалаа.

Тус ажлын хэсэг чөлөөт бүсийн орчим ажиллах хугацаандаа “Замын-Үүд” чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа болон батлагдсан хилийн цэстэй газар дээр нь танилцан, чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас боловсруулсан хилийн цэсийг нэмэгдүүлэх талбай дээр газар дээр нь хээрийн судалгаа хэмжилт хийж, шинээр нэмэгдэх болон өөрчлөлт оруулах хилийн цэсийн эргэлтийн цэгүүдийг газар дээр нь бэхэлж, геодезийн хэмжилт хийн, солбицлыг тогтоон ажиллалаа.

Ажлын хэсэг дээрх ажлуудын үр дүнг нэгтгэн акт үйлдэж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурлын 2004 оны 17 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэх, Засгийн газрын хуралдаан болон Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг тус тус хангав.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА