ЭРЭЭН ХОТЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БҮСИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Т.Есөнтөмөр ӨМӨЗО-ны Эрээн хотын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн Харилцаа холбоо, үйлчилгээний тасгийн дарга Лю Гуовэй тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн бүтээн байгуулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, худалдаа, “Нэг өдрийн аялал жуулчлал”, туршилтын түр гарц нээх зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал, мэдээлэл солилцов.

Уулзалтын үеэр Захирагч Т.Есөнтөмөр “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эрчимжүүлэх чиглэлээр хоёр тал хамтран ажиллаж, олон арга хэмжээг зохион байгуулж, дэмжлэг үзүүлж буй талархал илэрхийлэн, хил холболтын цэгийн өндөржилтийг ойрын хугацаанд тохирох нь нэн ач холбогдолтой үйл явдал болохыг цохон тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд талууд тогтмол харилцан мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хамтын ажиллагааны бүсийн хөгжлийг бодит ажил хэрэг болгоход чиглэсэн арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлэн ажиллахаар санал нэгдлээ.

Уулзалтад “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Ш.Амартүвшин, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга М.Амгалан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Э.Ариунхүслэн нар хятадын талаас Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн Хөрөнгө оруулалтыг дэмжих төвийн тасгийн дарга Чэнь Вэй байлцав.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА