Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай /2021.02.25/ уулзлаа. Тус Уулзалтын үеэр ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тавдугаар сарын 01-нээс хилээ нээх асуудлыг хэлэлцэхээр болсныг мэдээллэв.
Тэрээр “Халдвар хамгааллын дэглэмийг иргэд сайтар баримталж, вакцинжуулалт тасалдахгүй явагдаж, богино хугацаанд иргэдийнхээ 50-аас дээш хувийг вакцинжуулах төлөвлөгөөгөө биелүүлж чадвал вакцинжуулсан иргэдэд хил нээлттэй байх асуудлыг ирэх тавдугаар сарын 01-нээс өмнө шийдэж чадах байх гэж бодож байна. Нөхцөл байдлыг таашгүй тул шууд амлаж чадахгүй ч үүний төлөө Засгийн газар чадах бүх зүйлээрээ хичээнгүйлэн ажиллах болно. Боломжтой гэж үзвэл нөхцөл байдлаа харгалзан тавдугаар сарын 01-нээс Монгол Улс хилээ нээх асуудлыг хөндөж үзнэ гэж зарлаж болно. Үүнд тулгуурлан та бүхэн төлөвлөлтөө хийх боломжтой. Мөн журмаа шинэчилнэ” хэмээн онцоллоо. Дашрамд дурьдахад нийт аялал, жуулчлалын салбарын орлого 2020 онд цар тахлын улмаас өмнөх оноос 65.8 хувиар буурч, 43.1 сая ам.доллар болсон байна.