Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандраныг /2021.03.09/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд өнгөрсөн 30 жилд Азийн хөгжлийн банк боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг салбарт 3.2 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлсэн бөгөөд 2021-2024 онд мөн хэмжээний санхүүжилт гаргахаар төлөвлөж байгааг Павит Рамачандран онцолсон юм. Азийн хөгжлийн банк өнгөрсөн гурван жилд 1.3 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд бүтээн байгуулалтын томоохон төслүүд, тэр дундаа “Богдхан төмөр зам”, төлбөрийн чадварт нийцсэн “Ногоон орон сууц” төсөл, нийтийн тээврийн салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
“Замын-Үүд” чөлөөт бүсийн хувьд Азийн Хөгжлийн банктай хамтран “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа юм. Уг төсөл хэрэгжиж “Замын-Үүд” чөлөөт бүс байнгын үйл ажиллагаанд орсноор аж ахуй нэгжүүдийн бүтээн байгуулалт эрчимжин, үүнийгээ дагаад ажлын байр нэмэгдэх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирч, хөрөнгө оруулалт нэмэгдэн бүс нутаг төдийгүй улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.