“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул /2021.03.15/ МҮХАҮТ-ийн дэргэдэх Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөлийн дарга Ч.Амарбаатар, Чөлөөт бүсийн Ногоон бүс хөрөнгө оруулагчдын зөвлөл, чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдийг хүлээн авч уулзалт хийлээ.
Тус уулзалтаар Хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд “Замын-Үүд” чөлөөт бүс олон жил гацаанд байлаа. Хэрэв үйл ажиллагаа нь бүрэн эхэлж, нээлтээ хийвэл бид бүхэн царцаад буй бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, хөрөнгө оруулалтаа хийхэд бэлэн байна. Бид бүхний хүсэж буй зүйл бол чөлөөт бүсийг хөдөлгөх юм. Хэрвээ чөлөөт бүсээ нээж үйл ажиллагаанд бүрэн оруулвал бид дотоодоо үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээ 30 хувийн хямд зарах боломж бүрдэнэ. Мөн цаашлаад хөрш орнууддаа төдийгүй гуравдахьч зах зээлд “Made in Mongolia” гэсэн шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх боломжтой гэж харж байгаа” хэмээн дурьдлаа.
Уулзалтын төсгөлд Захирагч А.Энхзул “Хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийн хүсэлт болон шаардлагыг хүлээн авч цаашид та бүхний бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бий болгон хамтран ажиллана. УИХ-ын хаврын чуулганаар “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэхээр тусгасан байгаа. Мөн энэ хавартаа багтаан чөлөөт бүсийн нээлтийг хийх ажлыг зохион байгуулах бөгөөд “Замын-Үүд” чөлөөт бүсийг Олон Улсын жишигт нийцсэн эко ногоон бүс болгох том зорилт тавин бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай, ээлтэй хот бий болгохоор олон ажлуудыг төлөвлөн хийж буй талаараа” онцоллоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА