“Бүсийн үйл ажиллагаанд ус хэмнэх технологийг нэвтрүүлэх” сэдэвт цахим сургалт болов

Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанд хэрэгжиж  буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас /АХБ/  “Мэдлэг хуваалцах цахим сургалт”-ыг  үе шаттайгаар  зохион байгуулж байгаа юм. Тэгвэл энэ удаагийн сургалт /2021.04.14/ “Бүсийн үйл ажиллагаанд ус хэмнэх технологийг нэвтрүүлэх” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдав. Сургалтад төслийн удирдах хорооны гишүүд, ШСАА-ны алба хаагчид, “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүдийн  Захирагчийн Ажлын албаныхан болон  холбогдох төр болон хувийн хэвшлийн  төлөөллүүд  хамрагдаж мэдээлэл авлаа.

Энэ удаагийн сургалтаар  Хувь зөвлөх, Ухаалаг усны системийн шинжээч Эдуардо Гарсиа Алонсо “Ус хэмнэх технологийн талаархи Азийн туршлага  болон Усны менежментийн системд хиймэл оюун ухааныг ашиглах” талаар сонирхолтой илтгэлийг тавьсан бөгөөд оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч,   “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг олгон,  цаашид сургалтаар орсон туршлагуудаас тухайн бүс нутагтаа хэрэгжүүлэхийг   онцлосон юм.

Дашрамд дурьдахад “Дэлхийн хүн амын өсөлт болон улс орнуудын хотжилт, хөдөө аж ахуйн үсрэнгүй хөгжлийг даган цэвэр усны хэрэглээ мэдэгдэхүйцээр өссөн үзүүлэлтэй гарсан. Энэ өссөж буй хэрэгцээг хангахаар дэлхийн өнцөг булан бүрт усан хангамжийн системүүд бий болж байгаа хэдий ч өнөөдөр дэлхийн нийт хүн амын 40% нь усны хомсдолтой нөхцөлд амьдарч байгаа бөгөөд цаашлаад 2025 он гэхэд 2/3 нь ийм байдалд орно гэсэн тооцоо гарсан” байдаг. Тиймээс бүсийн үйл ажиллагаанд ус хэмнэх технологийг нэвтрүүлснээр олон талын ач холбогдолтой төдийгүй цэвэр усны хомсдол үүсэхээс сэргийлэх юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА