Шадар сайд С.Амарсайхан: 07 дугаар сард “Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын үйл ажиллагаанд оруулна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс  /2021.05.21/ Дорноговь аймагт ажиллах үеэрээ  Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүс болон хилийн боомтын үйл ажиллагаатай биечлэн танилцаж,  тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө, үүрэг, чиглэл өглөө.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул  “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас санаачлан хэрэгжүүлсэн “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд   хийгдсэн  цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиолол, дулааны станцуудын  барилга байгууламжуудын ажлууд болон хууль эрх зүйн орчин, өнөөгийн байдал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын  талаар танилцуулав.

“Замын-Үүд” чөлөөт бүсийг ирэх 07 дугаар сард нээж, үйл ажиллагааг нь байнгын болгоно:

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Замын-Үүд” чөлөөт бүсэд хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзалт хийсэн бөгөөд Чөлөөт бүсүүдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Ч.Амарбаатар “Замын-Үүд” чөлөөт бүс нь  эдийн засгийн гарц болох чухал ач холбогдолтой талаар дурдаад бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг яаралтай ашиглалтад оруулж өгөхийг хүсэв.

Шадар сайдын зүгээс “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2021 онд  “Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын үйл ажиллагаанд оруулахаар төлөвлөсөн байгаа. Тиймээс ирэх 07 дугаар сард багтаан бүсийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, үйл ажиллагааг нь байнгын болгох талаарх   бэлтгэл ажлуудыг хийж эхэлсэн. Засгийн газрын зүгээс томоохон төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүдийн бүтээн байгуулалтын ажлуудыг царцаахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Энэ ч утгаараа “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх бодлого баримталж  байна” хэмээн онцоллоо. 

Дэд бүтцийн станцуудыг ашиглалтад бүрэн оруулах чиглэл өгөв:

Албан айлчлалын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан “Замын-Үүд” чөлөөт бүсийн дэд бүтцийн дөрвөн багц ажилтай  биечлэн танилцсан бөгөөд дэд бүтцийн станцуудыг намраас ажлуулж эхлүүлэх, туршилт тохируулгын ажлыг хийж бэлтгэлээ хангах чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Мөн Засгийн газрын зүгээс төсөв хөрөнгөтэй холбоотой асуудлуудыг шийдэж өгөх,  зохион байгуулалтаар хангах тал дээр анхаарч ажиллах болно. Станцууд бүрэн үр шимээ өгөх хэрэгтэй хэмээн дурдлаа.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн  Захирагчийн Ажлын албаны зүгээс  2021 онд дээрх дэд бүтцийн станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлэх, тогтвортой менежментийн үйл ажиллагааг дэмжих, чөлөөт бүсэд боомтын нэвтрэх системийг байгуулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хийхээр  Азийн хөгжлийн банктай хамтран “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийг  хэрэгжүүлж эхлээд байна.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply