Дулааны станцын туршилтын галлагаа эхэллээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ  /2021.07.30/ чөлөөт бүсийн дулааны станцын ажлын явцтай биечлэн танилцаж, засварын ажлын зардлыг яаралтай шийдэх, усан хангамж, ариутгах татуурга, дулааны станцын ашиглалтын зардлыг тооцон улсын төсөвт суулгах үүрэг чиглэлийг өгсөн юм. Уг чиглэлийн дагуу  дулааны станцын туршилт тохируулгыг хийх нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болж, үйл ажиллагааг нь тогтвортой явуулах ажлын хэсэг байгуулагдан туршилтын ажлыг хийж, ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн станцын усан халаалтын зууханд туршилтын галлагааг хийж эхэлсэн байна.

Мөн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 5МВт хүчин чадалтай ялтсан дулаан солилцуур суурилуулах ажлыг хийж дууссан бөгөөд станцын 1 болон 2-р хэлхээний дулааны худагт үзлэг шалгалт  хийн засварлаж, дулаан дамжуулах төвүүдэд холбогдох шугам сүлжээний ажлуудыг хийн зуухыг бүрэн хүчин чадлаар нь  ажилд оруулахад бэлэн болгожээ.

Тус дулааны станц нь “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас санаачлан хэрэгжүүлсэн “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийгдсэн бөгөөд  Замын-Үүд суманд 90 мВ хүчин чадалтай дулааны станц, чөлөөт бүсэд дулаан дамжуулах  5 төв,  Замын-Үүд суманд дулаан дахин дамжуулах 7 төвийг холбогдох шугам сүлжээний хамт барьж байгуулснаараа онцлогтой.  Дулааны станцын туршилт тохируулгыг хийж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах юм бол “Замын-Үүд” чөлөөт бүсийг дулаанаар хангаад зогсохгүй Замын-Үүд сумыг бүхэлд нь дулаанаар хангах юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА