Шадар сайд С.Амарсайхан Чөлөөт бүсийн Захирагч нарыг хүлээн авч уулзлаа

Улс орны эдийн засагт хувь нэмэр болохуйц төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эхлүүлэн, үргэлжлүүлэх, тасалдуулахгүй явуулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар анхааран ажиллаж байгаа юм. Уг ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан /2021.10.05/ “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсийн Захирагч нарыг  хүлээн авч уулзан, чөлөөт бүсүүдийн ажлын явцын талаарх тайлан мэдээллийг сонсож, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны тухай санал солилцон, үүрэг даалгавар өгөв.

Уулзалтын эхэнд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул мэдээлэл хүргэв. Тэрбээр “Замын-Үүд” чөлөөт бүс олон жил үйл ажиллагаагаа эхлүүлэхээр хүлээгдэж байсан бол өнгөрсөн 07 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар байнгын үйл ажиллагааг нь эхлүүлэх шийдвэрийг гаргуулж, тус шийдвэрийн дагуу 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн  байнгын үйл ажиллагаанд шилжсэн. Мөн Дулааны станцийн туршилт тохируулгын ажлын зардал болох 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг  Засгийн газрын хуралдаанаар оруулан шийдвэрлүүлсэний  үндсэн дээр  тус станц  09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаа хэвийн явуулж, өнөөдрийн байдлаар Замын-Үүд сумыг дулаанаар хангаж эхэлсэн байна. Бүсийн хамгаалалтын хашаа 2021 оны 11 сард багтан баригдаж дуусах бол 2022 оны 01 дүгээр улиралд багтаан чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн дэд өртөөг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Мөн бүсийн  үйл ажиллагаа байнгын болсонтой  холбогдуулан аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн байна.  УИХ-ын намрын чуулганаар “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах” тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлуулахаар холбогдох бүхий л  бэлтгэл ажлуудыг  хийн  ажиллаж байгаа хэмээн” дурьдлаа.

Уулзалтын төгсгөлд Шадар сайдын зүгээс чөлөөт бүсийн Захирагч нарт хандан “Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимтэй явуулах талаар байнга анхаарал хандуулан ажиллаж байгаагаа илэрхийлэн, “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын чуулганаар батлуулах гэж буйтай холбогдуулан саналаа нэгтгэн нэмэлтээр тусгаж оруулах, зохион байгуулалтын төлөвлөлтөө нарийн тооцоо судалгаанд үндэслэн гаргах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бүх талаар дэмжин хамтран ажиллахыг онцоллоо.