“Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх талаар  Засгийн газрын тогтоол батлагдлаа

“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын  хэлэлцээр”  2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр соёрхон батлагдсан бөгөөд 01 сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон.

Тус хэлэлцээрт талууд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын Комиссын хүрээнд хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг зохицуулах Хамтарсан зохицуулах зөвлөл, Хамтарсан гүйцэтгэх зөвлөл, Хамтарсан менежментийн зөвлөлийн гурван түвшний хамтарсан механизмыг бий болгохоор тусгасан. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг зохицуулах дээрх 3 зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх зорилгоор “Хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өнөөдөр  /2022.03.09/ Засгийн газрын ээлжит хурлаар хэлэлцэн баталлаа.

Хамтарсан зохицуулах зөвлөлийн Монгол талын бүрэлдэхүүнийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ахлах бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар багтаж байгаа юм. Уг зөвлөлийн үндсэн чиг үүрэг нь Хэлэлцээрийг хэрэгжүүлэх ерөнхий удирдлагаар хангах, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр Хятадын талтай хамтарч ажиллах бөгөөд ингэснээр хэлэлцээрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын асуудал шийдвэрлэгдэж Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн удирдлагын механизмыг тодорхой болгож, үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг  бүрдүүлж буйгаараа онцлогтой юм.

Монгол талын зохицуулах зөвлөл байгуулагдсанаар хоёр талын анхдугаар хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөж,  бэлтгэл ажлуудыг хийж эхлээд байна. Тус анхдугаар хуралдаанаар хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн  төлөвлөлтийг харилцан уялдуулах, улсын хилийг огтлон гарах цэгийн байршлыг тогтоох, холбох цэгийг тохирох, үйлдвэржилтийн нэгдсэн бодлого зэргийг хэлэлцэнэ.

 “ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА