Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал /2022.04.28/ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны орлогч дарга, ӨЗО-ы тэргүүлэгч Ван Лишя-тай Хөххотод уулзалт хийв. Тус уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон хилийн боомтуудын төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг уялдуулах, тээвэр ложистик, боомтуудын хэвийн ажиллагааг хангах, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.
Мөн “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд ярилцсан бөгөөд хоёр талын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг харилцан уялдаатай хөгжүүлэх Монголын талын саналыг Хятадын талаас дэмжлээ.
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас тус хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх талаар олон ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх зорилгоор тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх үзэл санааг баримтлан, эрх тэгш, харилцан ашигтай хөгжих зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа хамтран явуулах, найрсаг хамтын ажиллагааны жишиг бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
/Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам/
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА