“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор хоёр талын Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Монгол талын гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр холбогдох яам, агентлагийн нийт 40 гаруй төлөөллүүд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2023.01.05/ анхдугаар хуралдаанаа хийлээ.
Хурлын үйл ажиллагааг Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын дарга Х.Эрдэнэбулган, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул нар нээж, чөлөөт бүс дээр хийгдэж буй бүтээн байгуулалт, өнөөгийн байдал, дэд бүтцийн талаарх мэдээллийг зөвлөлийн гишүүдэд өглөө.
Тус хуралдаанаар зөвлөлийн гишүүд Монгол Улсад анхдагч болж буй хоёр улсын хамтарсан “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, бүсийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнүүдийг хэлэлцэж, цаашид өөрсдийн салбар чиглэлийн дагуу зөвлөмж, зөвлөгөө өгөх тал дээр анхаарч, тогтмол мэдээлэл солилцон ажиллахаар боллоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА