БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консулын газрын Дэд ерөнхий Консул Жан Иши болон холбогдох албаны төлөөллийг өнөөдөр /2023.05.18/ “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Ц.Ганбат, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга М.Амгалан, ОНХМА-хариуцсан Мэргэжилтэн Б.Отгонсайхан нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Ц.Ганбат Монгол, Хятадын “Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг анхаарч уулзалт хийж буйд талархан, “Замын-Үүд чөлөөт” бүсийн хууль эрх зүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, өнөөгийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, танилцуулга хийлээ.
Уулзалтын төгсгөлд Дэд ерөнхий консул Жан Иши “Ковид-19” цар тахлын тархалт намжиж бидний харилцаа холбоо дахин эрчимтэй сэргэж байна. Замын-Үүд-Эрээний боомт болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг дэмжих нь бидний хувьд чухал ач холбогдолтой. Хоёр улсын хамтарсан “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, түргэтгэх чиглэлээр БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас бүх шатанд анхаарч байгааг илэрхийлсэн. Тиймээс бид цаашид хэлэлцээрийн хэрэгжилтийг ахиулах тал дээр дэмжлэг үзүүлэн, анхаарч ажиллах болно” хэмээн онцоллоо.



“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА