“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Ц.Ганбат, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга М.Амгалан нар өнөөдөр /2023.06.07/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөллүүд болох Төслийн удирдлага, хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмагнай, Тээвэр зохицуулалтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн М.Батмягмар нарыг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар хоёр тал үйл ажиллагааныхаа талаар ярилцаж, танилцуулга хийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, дэд бүтэц, төлөвлөлт, нүүрс тээвэрлэлт, авто зам, төмөр замын төслүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг харилцан солилцов.
Уулзалтын төгсгөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төслийн удирдлага, хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмагнай “Замын-Үүд” чөлөөт бүсийг экспортын шинэ гарц хэмээн харж, орон зайг нь ашиглан тээвэрлэлт хийх, борлуулалтын шинэ суваг болгох чиглэлээр хамтран ажиллах, AGV (Automatic Guided Vehicle) буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн төслийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА