Эдийн засаг, хөгжлийн яамны хурлын танхимд /2023.06.12/ өнөөдөр “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг түргэтгэх, эрчимжүүлэх зорилгоор Монгол талын Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн үйл ажиллагаанд “Дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг”-ийн хурал боллоо.
Тус ажлын хэсэгт Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Зам тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Дорноговь аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨК, “Замын-Үүд Дулааны станц” ТӨҮГ, зураг төслийн “Сонголт дизайн” ХХК-ийн төлөөллүүд оролцлоо.
Хурлаар ажлын хэсгийн гишүүд “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн үйл ажиллагааны хамтарсан чиглэлүүд, чөлөөт бүс дээр хэрэгжиж буй төсөл, орц гарцын төлөвлөлт дээр санал өгч, дэд бүтэц, төмөр зам, хоёр талын хилийн хяналтын үйл ажиллагаа, ерөнхий төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцаж, санал солилцов.
Хурлын төгсгөлд “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн Монголын талын Хамтарсан гүйцэтгэх зөвлөл хурлыг хуралдуулах, тус хуралд “Дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг”-ийн гаргасан саналыг боловсруулан нэгдсэн дүгнэлт гаргаж танилцуулахаар шийдвэрлэлээ.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА