“Замын-Үүд, Эрээний  эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн Монгол талын бүрэлдэхүүний хурал боллоо

Өнөөдөр /2023.07.04/ Эдийн засаг, хөгжлийн яамны хурлын танхимд Монгол, Хятадын “Замын-Үүд Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн Монгол талын бүрэлдэхүүний хурлыг зохион байгууллаа.

Хурлын үйл ажиллагааг Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд бөгөөд “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн Гүйцэтгэх зөвлөлийн Монгол талын дарга Г.Түвдэндорж үг хэлж нээсэн бөгөөд тэрээр “Ажлын хэсгийн хурлаас гаргасан санал, зөвлөмж нь Хамтарсан гүйцэтгэх, Зохицуулах зөвлөл цаашлаад Хоёр Улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэгдэн, ажил хэрэг болох чухал ач холбогдолтой учир шийдвэрлэх асуудлуудын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлон шийдвэр гаргалтын түвшинд бэлтгэн ажиллах” шаардлагатай байгааг онцолсон юм.

Мөн хурлын үеэр “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Ц.Ганбат гишүүдэд “Замын-Үүд” Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэв.

Тус хурлаар хоёр улсын чөлөөт бүсэд хөгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл болон хоёр талын бүсийг хооронд нь хил дамнасан байгууламжаар холбох улсын хилийг огтлон гарах байршил, Хамтын ажиллагааны бүсийн Монгол талын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг БНХАУ-ын төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулах, хоёр талын Хамтарсан гүйцэтгэх  зөвлөлийн анхдугаар хуралдааны товыг тогтоох асуудлуудыг хэлэлцэв.

Хурлын төгсгөлд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцсэн асуудлууд дээр санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрч, гишүүдийн дийлэнх олонхын дэмжигдсэн саналыг холбогдох яам, агентлаг болон Гадаад харилцааны яамаар дамжуулан дипломат шугамаар БНХАУ-ын талд хүргүүлэхээр  шийдвэрлэлээ.