Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хэлэлцээрийг байгуулсан. Уг төсөл хэрэгжсэнээр бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлээд зогсохгүй Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, экспорт болон ажлын байрыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Төслийн хүрээнд “Замын-Үүд” чөлөөт бүс дээр дэд бүтэц барилга байгууламж барьж ашиглалтад оруулах, тогтвортой менежмент үйл ажиллагааг дэмжих, чөлөөт бүсэд боомтын нэвтрэх системийг байгуулах гэсэн гурван багц ажлууд хийгдэх юм.
Өнөөдөр /2023.11.09/ дээрх төслийн хоёрдох багц ажил болох тогтвортой менежмент үйл ажиллагааг дэмжих /CS-02/ ажлын гарааны уулзалт хийгдэв.
Тус уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банк, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын Алба, Төсөл хэрэгжүүлэгч нэгж, Максвэл Стамп, Монголын боловсрол, Нийгмийн Хөгжлийн төвийн хамтарсан “Жи Ди Пи Глобал хөгжил” консорциум болон холбогдох албаны төлөөллүүд оролцов.
Уулзалтаар менежментийн зөвлөх үйлчилгээний эхлэлийн тайлангийн хураангуйг зөвлөх багаас танилцуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон хуваарийн талаар ярилцан, төслийн ажлыг гацаалгүй явуулах тал дээр анхаарч, богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг талууд онцоллоо.
Уулзалтын төгсгөлд оролцогч талууд гурван бүлэгт хуваагдан “Замын-Үүд” чөлөөт бүсийн хөгжлийн талаар тулгамдсан асуудал, зорилгын модны аргачлалын дагуу ярилцлага өрнүүлэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар харилцан ярилцлаа.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА